"Би жолооч" авто цэнгээнт нэвтрүүлэг

"Би жолооч" авто цэнгээнт нэвтрүүлэг

2/02/2010

23. Унадаг дугуй, мопед, ердийн хөсгөөр зорчих, мал туухад тавих нэмэлт шаардлага

23. Унадаг дугуй, мопед, ердийн хөсгөөр зорчих,
мал туухад тавих нэмэлт шаардлага

23.1. Унадаг дугуй буюу ердийн хөсгийг 14-өөс дээш, мопедыг 16-гаас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө.
23.2. Унадаг дугуйн тоормос, жолоо, хонх нь бүрэн ажиллагаатай байхын дээр харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед хөдөлгөөнд оролцохдоо урд талдаа цагаан, ард талдаа улаан гэрэл буюу гэрэл ойлгуур, хоёр хажуу талдаа улаан буюу улбар шар өнгийн гэрэл ойлгууртай байвал зохино.
23.3. Ердийн хөсгийн тоног таталга нь бат бөх байхаас гадна харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед хөдөлгөөнд оролцохдоо урд талдаа цагаан, ард талдаа улаан гэрэл ойлгуур (тус бүр хоёр ширхэг)-тай байвал зохино.
23.4. Унадаг дугуй, мопед нь (унадаг дугуйн зам байхгүй тохиолдолд) нэг эгнээнд хоёроос илүүгүйгээр зэрэгцэж, харин ердийн хөсөг зөвхөн нэг эгнээгээр гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээгээр явна.
23.5. Унадаг дугуй, мопедын жолооч нь уулзвараас өөр хэсэгт унадаг дугуйн замаар зорчих хэсэгт нийлэхдээ тухайн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
23.6. Унадаг дугуй, мопедын жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:
а/ жолооны гарыг сул тавих, дөрөөнд гишгэхгүй явах;
б/ ачаа нь урт буюу өргөнөөрөө тээврийн хэрэгслийн овроос 0.5 метрээс илүү гарах, өндөр нь газраас 1.5 метрээс илүү байх;
в/ зорчигчид зориулсан гишгүүр, суудалгүй тохиолдолд (түүнчлэн ачааны зориулалттай бол тэвшинд) хүн тээвэрлэх;
г/ 7 нас хүрээгүй хүүхдийг тусгай бэхэлгээ хийлгүйгээр тээвэрлэх;
д/ согтуу хүн тээвэрлэх;
е/ тээврийн хэрэгслийг чирэх, тээврийн хэрэгслээр чирүүлэх.
23.7. Суурин газрын гаднах засмал замаар малыг зорчих хэсгийн дагуу тууж явахыг хориглоно. Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно. Малыг зам хөндлөн буюу гүүрээр аль болох түргэн, бөөнөөр нь гаргах бөгөөд энэ үед ойртон ирж яваа тээврийн хэрэгсэл зам тавьж өгнө.
23.8. Төмөр замын гармаар ердийн хөсгийг гурваас илүүгүйгээр цувуулж гаргана. Мал тууж гаргахдаа аюулгүй байдлыг хангаж, богино хугацаанд амжиж гарахуйц тоогоор хэсэг хэсгээр цувуулж гаргана.
23.9. Ердийн хөсгөөр зорчих, мал туухад хориглох зүйл:
а/ ердийн хөсгийн овроос урт буюу өргөнөөрөө 0.5 метрээс илүү гарсан ачаа тээвэрлэх;
б/ зам дээр ердийн хөсөг буюу малаа хараа хяналтгүй орхих;
в/ согтуу байх.

22. Ачаа тээвэрлэх

22. Ачаа тээвэрлэх

22.1. Ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино.
22.2. Ачааг дор дурдсан шаардлагыг хангахаар байрлуулж бэхэлсэн байна:
а/ унаж чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод саад, аюул учруулахгүй байх;
б/ жолоочийн харах боломжийг хязгаарлахгүй байх;
в/ тээврийн хэрэгслийн тогтворжилтыг алдагдуулахгүй, жолоодлогыг хүндрүүлэхгүй байх;
г/ тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуур, эргэх чиг заадаг гэрэл буюу гараар өгөх дохио, улсын дугаар, таних тэмдгийг халхлахгүй байх;
д/ их хэмжээний дуу чимээ, эвгүй үнэр гаргахгүй, тоос шороо босгохгүй, зам ба орчныг бохирдуулахгүй байх.
22.3. Суурин газарт 22 цагаас 06 цагийн хооронд дуу чимээ гаргаж ачих, буулгахыг хориглоно.
22.4. Хүнд буюу овор ихтэй мөн аюултай ачаа тээвэрлэх автомашины жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг гурваас дээш жил жолоодож дадлагажсан хүн байх бөгөөд хөдөлгөөнд оролцохдоо ойрын гэрлээ асааж явна.
22.5. Хүнд ачаа тээвэрлэх, мөн тээврийн хэрэгслийн ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 метр, өргөн нь 2.5 метр, урт нь 20 метр, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 метрээс илүү түүнчлэн хоёр буюу түүнээс олон чиргүүлтэй бол хөдөлгөөнд оролцохдоо Замын цагдаагийн албанаас зөвшөөрөл авна.
22.6. Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 метр, өргөөшөө 0.4 метрээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт “Овор ихтэй ачаа” таних тэмдэг, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна.
22.7. Аюултай ачаа, тэдгээрийн ариутгаагүй сав, баглаа, боодлыг тусгай журам, стандартын дагуу тээвэрлэх бөгөөд тээврийн хэрэгслийн урд болон ард “Аюултай ачаа” таних тэмдгийг байрлуулна.
22.8. Суудлын автомашин, мотоциклоор түүний овроос урт буюу өргөнөөрөө 0.5 метрээс илүү гарсан ачаа тээвэрлэхийг хориглоно.

21. Хүн тээвэрлэх

21. Хүн тээвэрлэх

21.1. Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино.
21.2. Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй.
21.3. Хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд зорчигч тээвэрлэх тохиолдолд жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг гурваас дээш жил жолоодож дадлагажсан байвал зохих бөгөөд тээврийн хэрэгслийг доорхи шаардлагын дагуу тоноглосон байна:
а/ тэвшин дотор суудал засаж бат бөх бэхэлсэн байх бөгөөд суудлын тавцан нь шалнаас 0.3-0.5 метр, хашлаганы дээд ирмэгээс 0.3 метрээс багагүй байх;
б/ хүүхэд тээвэрлэх тохиолдолд хашлаганы өндөр 0.8 метрээс багагүй байх;
в/ тэвшний хойд болон хажуу хашлаганы дагуу зассан суудал нь түшлэгтэй байх;
г/ зорчигчдыг буулгах, суулгах шаттай байх.
21.4. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдод буух, суух, зорчих журмын тухай зааварчилж, хөдөлгөөний үед тэвшин дээр зогсож явахыг хориглох тухай анхааруулбал зохино.
21.5. Хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх үед, түүнчлэн хот хоорондын буюу аялал жуулчлалын автобусанд болон хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд тээвэрлэх зорчигчдын тоо нь үйлдвэрээс тавьсан буюу зориулан тоноглосон суудлын тооноос илүүгүй байна.
Тайлбар: Ачааны автомашины тэвшинд тоноглосон суудлын тоог тогтоохдоо тавцангийн 0.4-0.5 метрийн урттай хэсгийг 1 нэгжид тооцно.
21.6. Хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэхдээ автобус буюу хүн тээвэрлэхэд зориулсан тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Зайлшгүй тохиолдолд ачааны автомашин (хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон)-аар тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд ингэхдээ насанд хүрсэн хоёроос доошгүй хүнийг тэвшний урд болон арын хэсэгт суулгаж харгалзуулан явбал зохино.
21.7. Хүн тээвэрлэхэд зориулан тоноглоогүй ачааны автомашины тэвшинд зөвхөн тухайн ачааг дагалдан буюу хүлээж авахаар яваа хүмүүсийг (тэвшний дээд ирмэгээс нам зассан суудалд) суулгаж явахыг зөвшөөрнө.
21.8. Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол:
а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн;
Тайлбар: Энэ тоонд 12 нас хүрээгүй хүүхдийг тооцохгүй бөгөөд харин уг тээврийн хэрэгслийн бодит жин нь бүх жингээс хэтрэхгүй байвал зохино.
б/ тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт;
в/ чиргүүлтэй тээврийн хэрэгслийн тэвшинд;
г/ ачааны мотоциклын тэвшинд;
д/ 12 нас хүрээгүй хүүхдийг мотоциклын арын суудалд тусгай бэхэлгээ хийлгүйгээр;
е/ 3 хүртэлх насны хүүхдийг (харгалзах хүнгүй тохиолдолд) зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийлгүйгээр;
ж/ согтуу хүнийг мотоциклоор буюу тээврийн хэрэгслийн задгай тэвшинд.

20. Механикжсан тээврийн хэрэгслийг чирэх

20. Механикжсан тээврийн хэрэгслийг чирэх 20.1. Механикжсан тээврийн хэрэгслийг зөөлөн буюу хатуу холбоогоор, мөн цоройлгон ачих байдлаар найдвартай холбож чирэх бөгөөд хөдөлгөөнд оролцохдоо ойрын гэрлээ асаана.
Чирэгдэж яваа механикжсан тээврийн хэрэгсэл нь энэ дүрмийн 6.2-ын “д”, 6.3-ын “г” заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ.
20.2. Хатуу холбоогоор чирэгдэж яваа тээврийн хэрэгсэл нь шулуун чигт чирч яваа тээврийн хэрэгслийнхээ дугуйн мөрийг дагахаар холбогдоогүй, түүнчлэн зөөлөн холбоо хэрэглэсэн бол чирэгдэж яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодно.
20.3. Хатуу холбоогоор чирэх үед тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай нь 4 метрээс илүүгүй байна. Хатуу холбоогоор чирэгдэх тээврийн хэрэгслийн жолооны механизм бүрэн ажиллагаатай байвал зохино.
20.4. Зөөлөн холбоогоор чирэх үед тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай нь 4-6 метр байх бөгөөд зөөлөн холбооны нэг метр тутамд улаан дарцаг байна. Зөөлөн холбоогоор чирэгдэх тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино.
20.5. Механикжсан тээврийн хэрэгслийг чирэх үед чирч яваа автобус, троллейбусанд буюу ачааны автомашины тэвшинд, мөн чирэгдэж яваа тээврийн хэрэгсэлд хүн тээвэрлэхийг хориглоно.
20.6. Механикжсан тээврийн хэрэгслийг чирэхийг хориглох тохиолдол:
а/ чиргүүлтэй тээврийн хэрэгслээр;
б/ хоёр буюу түүнээс олон механикжсан тээврийн хэрэгслийг;
в/ хоёр дугуйтай мотоциклоор буюу хоёр дугуйтай мотоциклыг;
г/ халтиргаатай зам буюу уулын замд зөөлөн холбоогоор;
д/ чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн бодит жин нь чирч яваа тээврийн хэрэгслийнхээс илүү бол;
е/ уулын замд зорчих хэсэг нь мөстсөн бол.

19. Жолоодлогын дадлага хийх

19. Жолоодлогын дадлага хийх

19.1. Жолоодлогын дадлагыг багшийн шууд удирдлагын дор хийнэ.
19.2. Жолоодлогын дадлагыг эхлээд тусгайлан бэлтгэсэн талбайд хийж, сурагчид замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, жолоодлогын зохих дадлагатай болсны дараа Замын цагдаагийн албанаас зөвшөөрсөн хугацаа, чиглэлийн дагуу замын хөдөлгөөнд хийнэ.
19.3. Жолоодлогын дадлага хийлгэх багш нь Замын цагдаагийн албанаас олгосон багшлах эрхийн үнэмлэх болон дадлага хийлгэж байгаа тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхтэй байна.
19.4. Жолоодлогын дадлагын тээврийн хэрэгсэл нь “Сургалтын тээврийн хэрэгсэл” таних тэмдэгтэй байна.
Жолоодлогын дадлагын автомашин, механизм нь багшид зориулсан тоормос болон авцуулах холбооны нэмэлт дөрөө, ар талыг харах нэмэлт тольтой байхаас гадна дадлага хийх үед тэвшний зүүн урд болон баруун хойд өнцөгт 250 х 250 мм хэмжээтэй улаан дарцагтай байна.
19.5. Жолоодлогын дадлага хийх үед аюулгүй байдлыг хангах үүргийг дадлагын багш хариуцна.

18. Цуваагаар явах

18. Цуваагаар явах

18.1. Цувааг томилогдсон ахлагч зохион байгуулан удирдаж явна.
18.2. Цуваанд яваа тээврийн хэрэгслийн хурд болон хоорондын зайг замын байдал, цаг агаарын нөхцөлд тохируулан цувааны ахлагч тогтоох бөгөөд хөдөлгөөний хурд нь энэ дүрмийн 9.3-т заасан хязгаараас хэтрэхгүй байвал зохино.
Цуваа нь гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээгээр явна.
18.3. Бусад жолооч нар замын нарийн хэсэгт (тэмдгээр дараалал тогтоогоогүй бол) цуваанд зам тавьж өгнө.
18.4. Цувааг тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан тээврийн хэрэгсэл хамгаалан яваа бол тэр нь цувааг чиглүүлэн удирдаж явах бөгөөд энэ дүрмийн 2.4-т заасныг хэрэгжүүлж болно.

17. Тууш замын хөдөлгөөн

17. Тууш замын хөдөлгөөн

17.1. Тууш замд хориглох зүйл:
а/ явган зорчигч, ердийн хөсөг, унадаг дугуй, мопед болон трактор, өөрөө явдаг машин механизм мөн түүнчлэн техникийн дээд хурд нь цагт 40 км-ээс ихгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн;
б/ бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зорчих хэсгийн баруун гар талын нэг буюу хоёр дахь эгнээнээс бусад аль ч эгнээгээр явах;
в/ 5.15, 5.44 тэмдгээр заасан зориулалтын зогсоолын талбайгаас бусад хэсэгт түр зогсох;
г/ ухрах буюу буцаж эргэх;
д/ жолоодлогын дадлага явуулах.
17.2. Тууш замд жолооч зайлшгүй зогсолт хийвэл энэ дүрмийн 6.2-ын “б”, 6.3-ын “б” заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэж, зорчих хэсгийг нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна.

16. Хорооллын доторхи хөдөлгөөн

16. Хорооллын доторхи хөдөлгөөн

16.1. 5.30 тэмдгээр тэмдэглэгдсэн хорооллын доторхи хөдөлгөөнд явган зорчигч явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад учруулахыг хориглоно.
16.2. Хорооллын доторхи хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн хурдыг цагт 20 км-ээс хэтрүүлэх, жолоодлогын дадлага явуулах, тээврийн хэрэгслийг удаан хугацаагаар асаалттай зогсоох, мөн нэмэлт тэмдгээр тусгайлан заасан зогсоолоос бусад хэсэгт бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашиныг удаан зогсоохыг хориглоно.
16.3. Жолооч хорооллын доторхи хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо бусад хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.

15. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх

15. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх

15.1. Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараахь байдлаар асааж явна:
а/ замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ.
Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно;
б/ замын гэрэлтүүлэгтэй хэсэгт ойрын гэрлийг асаана;
в/ чиргүүл чирч яваа үед чиргүүлийн оврын гэрлийг асаана.
15.2. Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь гэмтэлтэй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргах бөгөөд ийм бололцоогүй үед энэ дүрмийн 6.2-ын “в”, 6.3-ын “в” заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ.
15.3. Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед чиргүүл чирч явах ба зогсохдоо бүхээг дээрх “Чиргүүлтэй тээврийн хэрэгсэл” таних тэмдгийг асаана.
15.4. Гэрэлтүүлүүрийг суурин газрын гаднах замд хэрэглэхийг зөвшөөрөх бөгөөд өөдөөс тээврийн хэрэгсэл гарч ирсэн үед унтрааж байвал зохино. Түүнийг суурин газарт тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон автомашины жолооч албан үүргээ гүйцэтгэж явахдаа шаардлагатай үед хэрэглэж болно.
15.5. Манангийн гэрлийг цас, бороо орж байгаа буюу өтгөн манан будантай үед дангаар нь эсвэл хол, ойрын гэрлийн хамт хэрэглэнэ.
Тайлбар: Автомашинд хоёр, мотоциклд нэг манангийн гэрэл тавина. Манангийн гэрлийг автомашины урд талд, хоёр хажуугаас нь 400 мм-ээс дотогш, том гэрлээс өндөргүй зайд тэгш хэмтэй байрлуулна.
15.6. Бусад хөдөлгөөнд оролцогчдод анхааруулах зорилгоор өдрийн цагт дараахь тохиолдолд ойрын гэрлийг асаана:
а/ цуваагаар яваа үед;
б/ хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэж яваа үед;
в/ хүнд буюу овор ихтэй, мөн аюултай ачаа тээвэрлэж яваа үед;
г/ механикжсан тээврийн хэрэгслийг чирч яваа үед;
д/ тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан тээврийн хэрэгслээр хамгаалуулж яваа үед.
15.7. Гэрэл шилжүүлэх дохиог өгөхдөө харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед хол, ойрын гэрлийг ээлжлэн шилжүүлэх, өдрийн цагт асааж, унтраах байдлаар үйлдэнэ. Энэ дохио нь урд болон өөдөөс яваа жолоочийг гялбуулахаар бол хэрэглэхийг хориглоно.

14. Төмөр замын гарам нэвтрэх

14. Төмөр замын гарам нэвтрэх

14.1. Жолооч төмөр замыг зөвхөн гарамтай хэсгээр нэвтэрнэ. Ингэхдээ ойртон ирсэн галт тэрэг (зүтгүүр)-ийг урьдчилан өнгөрүүлбэл зохино.
14.2. Жолооч төмөр замын гарамд ойртон очихдоо аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан, дуут буюу гэрэл дохио, тэмдэг, тэмдэглэлийн заалт, хаалтын байрлал, гармын жижүүрийн заалтыг удирдлага болгоно.
14.3. Төмөр замын гармын хаалт хаалттай буюу хаагдаж эхэлж байвал, мөн анивчсан улаан гэрэл ассан, эсвэл дуут дохио ажиллаж байхад, түүнчлэн гармын жижүүр хориглосон дохио өгөх үед гарам руу орохыг хориглоно.
14.4. Төмөр замын гармаар нэвтрэх хөдөлгөөнийг хориглосон үед жолооч “Зогс-шугам” тэмдэглэл буюу 3.5 тэмдэг эсвэл гэрлэн дохионы өмнө, хэрэв эдгээр нь байхгүй бол хаалтнаас 5 метрээс багагүй зайд, хаалтгүй тохиолдолд төмөр замаас 10 метрээс багагүй зайд зогсож галт тэргийг өнгөрүүлнэ.
14.5. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:
а/ гармын хаалтыг дур мэдэн нээх буюу өөрчлөх;
б/ гармыг гэмтээж болзошгүй машин механизмыг тээвэрлэхээс бусад байдлаар гаргах;
в/ цагт 8 км-ээс бага хурдтай явдаг машин механизмыг төмөр замын ангийн даргын зөвшөөрөлгүйгээр гаргах;
г/ гарам дээр тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй саад тохиолдсон үед гарам руу орох.
14.6. Төмөр замын гарам дээр жолооч зайлшгүй зогсолт хийвэл зорчигчдыг нэн даруй буулган, ослын дохионы гэрлээ асааж, гармыг чөлөөлөх арга хэмжээ авна.
Хэрэв гармыг нэн даруй чөлөөлөх боломжгүй бол:
а/ бололцоотой бол хоёр хүнийг төмөр замын дагуу гармаас хоёр тийш (ганц хүнтэй бол түүнийг замын байдал муу үзэгдэх зүг рүү) 1000 метрийн зайд явуулж галт тэргэнд зогсох дохио өгүүлнэ. Ингэхдээ тэр хүмүүст дохио өгөх журмыг зааварчилна;
б/ жолооч тээврийн хэрэгслийн дэргэд үлдэж дуут дохио өгнө;
в/ галт тэрэг ойртон ирж байгаа эсэхийг анхааралтай ажиглан, хэрэв ирж байвал угтан гүйж зогсох дохио өгнө.
Тайлбар: Дуут дохиог нэг урт, гурван богино хэмнэлээр, зогсох дохиог өдрийн цагт тод өнгийн сайн харагдах зүйлээр, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед гэрэл буюу галаар тойруулан даллаж өгнө.

13. Явган хүний гарц нэвтрэх

13. Явган хүний гарц нэвтрэх

13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө.
13.2. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө.
13.3. Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал араас нь ирсэн жолооч түүний урдуур зам хөндлөн гарч яваа явган зорчигч байхгүйг бүрэн мэдсэнийхээ дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.
13.4. Жолооч замын аль ч хэсэгт хараагүй хүн (цагаан таяг барьсан)-ийг урьдчилан өнгөрүүлнэ.
13.5. “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” гэсэн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл зогсож байвал ойртон ирсэн жолооч хурдаа хасаж анхаарал болгоомжтой явах шаардлагатай бөгөөд зайлшгүй шаардлага гарвал зогсож хүүхдүүдийг урьдчилан өнгөрүүлнэ.
13.6. Жолооч явган хүний гарц дээр тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй саад тохиолдсон үед гарц руу орохыг хориглоно.

12. Уулзвар нэвтрэх

12. Уулзвар нэвтрэх

12.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн замаар яваа дугуйчинд зам тавьж өгнө.
12.2. Хөндлөн замаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй түгжрэл, саатал бий болсон үед уулзвар руу орохыг хориглоно.
12.3. Гэрэл буюу зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөний дараалал тогтоож байгаа уулзварыг зохицуулдаг уулзвар гэнэ.

Зохицуулдаг уулзвар нэвтрэх

12.4. Жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
12.5. Улаан буюу шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
12.6. Зохицуулагчийн дохиогоор буцаж эргэхдээ зүүн гар талын замаас баруун гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
12.7. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө.
Зохицуулдаггүй уулзвар нэвтрэх

12.8. Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
12.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
12.10. Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
12.11. Уулзвар дээр гол зам чигээ өөрчилсөн байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтална. Туслах замаар яваа жолооч нар өөр хоорондоо мөн энэ заалтыг баримтална.
12.12. Хөдөлгөөний дараалал тогтоосон тэмдэг байхгүй үед жолооч зорчих хэсгийн гадаргуугийн байдлыг тодорхойлж чадахгүй (харанхуй, манантай, цас орсон, бохирдсон зэргээс шалтгаалан) бол өөрийгөө туслах замаар яваад тооцно.

11. Түр буюу удаан зогсох

11. Түр буюу удаан зогсох

11.1. Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй (хөвөөгүй) бол түүний зах руу аль болох шахаж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө.
11.2. Тээврийн хэрэгслийг зорчих хэсгийн зах (эсвэл хөвөө)-ыг дагуулан зөвхөн нэг эгнээгээр цувуулан зогсоохыг зөвшөөрнө. Харин зорчих хэсгийн өргөсгөсөн талбайд цувуулахаас өөр байдлаар (бусдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр) зогсоож болно.
11.3. Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө.
11.4. Суурин газрын гаднах замд амрах, хонох зэргээр удаан зогсохдоо тээврийн хэрэгслийг тусгай зориулсан талбайд, эсвэл замаас зайдуу газарт зогсооно.
11.5. Түр зогсохыг хориглох тохиолдол:
а/ уулзвар, гарц дээр буюу түүнд 20 метрээс ойр зайд (тусгаарлах зурвас буюу тэнхлэгийн үргэлжилсэн шугамтай Т-хэлбэрийн уулзвар, гарцын хөдөлгөөн огтлолцохгүй хэсэг дээр зогсохоос бусад тохиолдолд);
б/ явган хүний гарц дээр буюу түүний өмнө 5 метрээс ойр зайд;
в/ чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоол дээр буюу түүнд 15 метрээс ойр зайд (тэдгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд);
г/ төмөр замын гарам дээр буюу түүнд 20 метрээс ойр зайд;
д/ гүүрэн дээр болон доор;
е/ хонгил дотор;
ж/ гэрлэн дохио, замын тэмдэг халхлах, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах газарт;
з/ тээврийн хэрэгсэл зогсоход түүнээс үргэлжилсэн шугам (зорчих хэсгийн захыг тэмдэглэснээс бусад) буюу зорчих хэсгийн эсрэг талын зах хүртэл 3 метрээс бага зайтай газарт;
и/ үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 метрийн дотор хязгаарлагдмал нөхцөлд зорчих хэсэг дээр.
11.6. Удаан зогсохыг хориглох тохиолдол:
а/ түр зогсохыг хориглосон газарт;
б/ төмөр замын гарамд 100 метрээс ойр зайд.
11.7. Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино.
11.8. Бусдын хөдөлгөөнд саад болохоор байвал зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг нээхийг хориглоно.